top of page

СУРАГЧДАД ЯРИХ ХЭРЭГЦЭЭ МАШ ИХ БАЙДАГ


TFM-ийн Англи хэлний багш Л.Насанзул Дорнод аймгийн Халхгол сумын ЕБС-д 2022 оны 9-р сарын 01-нээс эхлэн Англи хэлний багшаар ажиллаж байна. Тэрээр одоогийн байдлаар нийт 16 долоо хонгийн турш 271 сурагчдад 523 цагийн хичээлийг заагаад байна. Бид багшлахын зэрэгцээ мөн сургуулийн хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг санаачлан, хариуцан явуулж буй завгүй залуу багшийнхаа гол ажлуудаас та бүхэнтэйгээ хуваалцъя.


СКАУТ КЛУБ БОЛОН АНГЛИ ХЭЛНИЙ КАБИНЕТ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулах нь

Насанзул багш сургуульдаа “Скаут” клуб болон Англи хэлний кабинетыг хариуцан ажиллаж байна. Скаут клуб нь 3 салаа буюу 30 сурагчдаас бүрдсэн гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Скаут клубийнхээ үйл ажиллагааны хүрээнд Э.Золзаяа багш, клубийн гишүүн сурагчид болон 11-р ангийн сурагчидтай хамтран “OPEN MIC” арга хэмжээг сургуулийн сурагчид болон дотуур байрны сурагчдын дунд амжилттай зохион байгуулсан байна.

Мөн сурагчид өөрсдийн хүссэн зүйлээ Англиар илэрхийлэх боломжийг олгох үүднээс Англи хэлний кабинетад чөлөөт булан байгуулж сурагчдын Англи хэлийг сайжруулахын зэрэгцээ бүтээлч байдал болоод өөрийгөө илэрхийлэх чадварыг давхар дэмжин ажиллаж байна. Мөн кабинетад сурагчид шинэ үгийн хөзөр ашиглана тоглонгоо шинэ үгээ сурч байгааг харж ажлын урам зориг авдаг тухайгаа Насанзул багш бидэнтэй хуваалцсан юм. Англи хэлний кабинет нь 2021 онд гэрчилгээжсэн ба 2022 онд гэрчилгээг ахин сунгуулан ажиллаж байна. Л.Насанзул багш цаашид ч сургуульдаа ажиллаж байх хугацаандаа кабенатаа улам гоё сурагчдад ээлтэй боловсролын орчин болгохоор хичээн ажиллах болно хэмээв.

“SPELLING BEE” тэмцээн болон олон олон дурсамжууд


Сурагчидтай ажиллах нь олон олон дурсамж, адал явдлаар дүүрэн цаг хугацаа байдаг. Үүний нэг жишээ нь Л.Насанзул багш “SPELLING BEE” тэмцээнийг 7 болон 8-р ангийн дунд амжилттай зохион байгуулж Дорнод аймгийн аварга шалгаруулах “SPELLING BEE” тэмцээнд шалгарсан сурагчдыг амжилттай оролцуулсан явдал юм. Мөн Англи хэлтэй Дорнодчууд дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан цахим контентын уралдаанд бага болон дунд ангийн шүлгийн төрөл, хүүхэлдэйн кинонд дуу оруулах төрөлд тус тус 5-р ангийн сурагчдаа амжилттай бэлтгэн оруулсан гэх мэт Англи хэлтэй холбоотой олон олон дурсамжуудыг бүтээн ажиллаж байна.

НЭЭЛТТЭЙ, ЧӨЛӨӨТ ЯРИАНЫ ГАЙХАМШИГ


Насанзул багш маань сурагчдаа танин мэдэх тэдэнтэй илүү нээлттэй, чөлөөтэй харилцдаг болохын тулд 9-11-р ангийн сурагчидтайгаа сард нэг удаа чөлөөт ярилцлага хийх үйл ажиллагааг туршсан байна. Ингэхдээ 9-р ангийн сурагчдтай нэг нэгээр нь ярилцаж хүүхэд бүр дээр талархдаг зүйлээ хэлсэн ба үүний дараа дэвтэргүй ирдэг байсан сурагчид дэвтэртэй ирж, хичээлдээ бага ч гэсэн анхаарал хандуулдаг болсон нь хөтөлбөрийн маань багшид багшлах, сурагчидтай ажиллах маш их урам зориг, итгэлийг өгсөн гэв. 10-р ангийн сурагчидтайгаа тойрч суугаад бүгдээрээ ярилцсан ба бие биенээсээ чөлөөтэй асуулт асууж, хариулан бие биенийгээ илүү сайн таньж мэдэхэд тусалсан байна. 11-р ангийн сурагчидтайгаа чөлөөт сэдвээр ярилцаж хичээл хийхэд хамгийн хүндрэлтэй байгаа зүйлсийн талаар мөн ирээдүйн ажил, мэргэжил сонголтын талаар ярилцсан нь сурагчдад илүү үр дүнтэй байсан гэв. Энэхүү аргазүйгээ цаашдаа илүү боловсронгуй болгон Англи хэл дээр ярилцдаг болох зорилгыг тавин ажиллаж байна.

Манай “Teach for Mongolia”-ийн багш Л.Насанзулын хамгийн их анзаарсан зүйл нь “Сурагчдад ярих хэрэгцээ маш их байдаг” хэдий ч тэднийг нээлттэй, шүүмжлэлгүй сонсох хүмүүс цөөхөн байдаг тул сурагчидтайгаа сайн ярилцаж байх хэрэгтэй болохыг ойлгосон гэлээ. Сургуульд сурагчид шинжлэх ухаан, нийгмийн суурь ойлголтыг олж авч мэдлэг эзэмшин түүнийгээ хэрэглэж сурахын зэрэгцээ сурагчдын хүмүүжил, төлөвшилд хамгийн сайн анхаардаг ээлтэй орчин байх шаардлагатай юм. Хүүхэд бүхэн онц сурахыг зорилго болгох гэхээсээ илүүтэйгээр өөрсдийн илүү сайн хийж чадах авъяас, чадвараа нээн илрүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, нөгөө талаас сургууль сурагчдын авъяас чадварыг дэмжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Л.Насанзул багшийн хичээл ордог 9-р ангийн сурагч маань зохиол бичих дуртай мөн кинонд дуу оруулах сонирхолтой. TFM-ийн багш Л.Насанзул маань эдгээр авъяас, чадваруудыг дэмжиж, бичсэн зохиол, бүтээл дээр нь санал, зөвлөгөө өгөх байдлаар хамтран ажиллаж байгаа ба мөн шүлэг бичдэг, дуу зохиодог, дуулдаг гээд маш олон төрлийн авъяастай сурагчдыг дэмжин ажиллах нь зөв юм байна гэдгийг багшлах явцдаа ойлгосон болохоо бидэнтэй хуваалцсан юм.



41 views0 comments
bottom of page