top of page

МОНГОЛ УЛСЫН ЗҮҮН ХЯЗГААРТ

Updated: Mar 22, 2023

"Teach for Mongolia Fellowship" хөтөлбөрийн анхны буюу 2022-2024 оны элсэлтийн 16 залуусын нэг болох Э.Золзаяа багшийн түүхтэй танилцацгаая.

Золоо багш маань Улаанбаатар хотоос 1,000 км, аймгийн төвөөс 360 км зайд орших Дорнод аймгийн Халхгол сум буюу Монгол улсын зүүн хязгаарт "хүүхэд бүрт өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө" хүсэл зориг шулуудан ажиллаж байгаа билээ.

Тэрбээр 7-12 дугаар ангийн нийт 150 сурагчдад нийгэм судлал, иргэний ёс зүйн боловсрол болон ахлах ангийн нийгэм судлалын сонгон гүнзгийрүүлэх хичээлийг тус тус орж байгаа бөгөөд анги танхимдаа олон олон шинэлэг арга зүйг туршин хэрэгжүүлж байгаагаас та бүхэнд дараах түүхүүдийг онцлон хүргэе.


Сурагчид хичээлээр дан ганц онолын ойлголтыг судлах бус тодорхой ур чадваруудыг давхар эзэмшдэг байгаасай гэж хүсдэг.


СОЁЛЗ СОНИН


Манай 11,12 ангийн сурагчид "Хот хөдөөгийн асуудлууд" сэдэвт өөрсдийн сар тутмын сонинг хэвлэхээр бэлтгээд байна. Энэхүү төслийн хүрээнд сурагчид тулгамдаж буй асуудлыг танин мэдэх, мэдээ мэдээллийг бэлтгэх, олон нийтэд хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээж, байршуулах зэрэг олон ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

Ингэснээр тэд дан ганц мэдээ мэдээлэл боловсруулан түгээх ур чадвараас гадна асуудалд шийдэл санал болгох, шүүмжит сэтгэлгээ, багаар ажиллах, цаашлаад хариуцсан ажлыг тухай бүрт нь чанартай гүйцэтгэхэд зэрэг чадваруудад суралцаж байна.




Та бүхэн сурагчдын бэлтгэн хүргэх сар тутмын хэвлэлийг дараах цахим хуудсуудаас авах боломжтой:

Facebook: СОЁЛЗ

Instagram: Soyolz_Khalkhgol



"МЭРГЭЖЛИЙН ТУХАЙ МЭРГЭЖИЛТНЭЭС НЬ"контент


Төгсөх ангийн сурагчдын хувьд мэргэжил сонголт хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байдаг тул бид хичээлийн хүрээнд өөрийн сонирхсон мэргэжлийн тухай мэргэжилтэнтэй нь ярилцлага хийн контент бэлдэх төсөл хэрэгжүүллээ. Ингэснээр сурагчид аливаа ажил мэргэжлийн талаар илүү гүн гүнзгий ойлголттой болохоос гадна бодит ажлын орчин, нөхцөлтэй нь танилцах боломж олдсон нь сурагчдын хувьд ихээхэн сонирхолтой, үр дүнтэй байлаа.

Зарим тохиолдолд манай суманд сурагчдын сонирхсон мэргэжилтнүүд байхгүй байх тохиолдол байсан ч бид тэдгээр мэргэжилтнүүдийг олж цахимаар уулзалт, ярилцлага зохион байгуулсан нь нэг талаараа сурагчдад хэрэгтэй мэдээллийг ямарч нөхцөлд олж авах боломжтой эрин зуунд амьдарч байгааг харуулсан сургамжтай төсөл боллоо.



САЙН ДУРЫН САЙН ҮЙЛС


Сайн дурын сайн үйлсийн аяныг 8-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан бөгөөд энэ нь шилжилтийн насанд буй эдгээр сурагчдад бусдад туслах, бусдыг энэрэх сэтгэлийг бий болгож эргээд жижиг ч болов бусдын хийсэн үйлдлийг үнэлэх, талархах хандлагыг бий болгох зорилготой.

Энэхүү аяны хүрээнд 8-р ангийн сурагчид бусад ангиудын цэвэр усны савыг дүүргэх, сумын худаг дээр настай хүмүүст ус авч өгөхөөс эхлээд бага ангийн багш нарт сурагчдыг уншуулахад туслах зэрэг өөрсдийн боломж болон цагт тохируулан олон сайн үйлсийг бусдын төлөө хийж гүйцэтгэлээ.

Сайн үйлс хийсний үр дүнд хүүхдүүд бусдад туслах нь маш амархан мөртлөө өөрт эргүүлээд ямар сайхан мэдрэмж өгдөгийг ойлгож авсан бөгөөд цаашид анги хамт олноороо хамтран олон нийтэд чиглэсэн сайн үйлсийн ажлууд зохион байгуулах хүсэл эрмэлзэлтэй болсон.


НУТГИЙН ХӨТӨЧ БИДНИЙ ЗАЛУУ ҮЕ


Хойч үе бид гадны соёлын тухай мэдээлэл авахаас гадна эх орныхоо түүх соёл, хамгийн энгийнээр амьдарч буй орон нутгийнхаа түүх соёлыг мэддэг, бахархдаг, хайрлаж хамгаалдаг байх нь чухал билээ.

Иймээс манай 7-11-р ангийн сурагчид нь "Өсвөрийн тайлбарлагч" клубт хамрагдаж байгаа бөгөөд уг клуб нь сумын "Ялалт музей" болон сумын ахмад настан МУ-ын СГЗ Л.Мягмарсүрэн гуатай хамтран явуулдаг клуб юм. Уг клубийн үйл ажиллагаагаар дамжуулан сурагчид сумынхаа Музей болон түүхэн хөшөө, дурсгалуудыг судлан тайлбарлах чадварт суралцдаг бөгөөд цаашлаад өөрийгөө илэрхийлэх, аливаа зүйлийг бусдад тайлбарлах, бусадтай хамтран ажиллах зэрэг олон чадваруудад суралцаж байна.




"Манай Teach for Mongolia"-ийн багш нар онолын мэдлэг олгохоос гадна хичээлээ PBL (Project Based Learning) буюу Төсөлд суурилсан, илүү сонирхолтой, оролцоонд турлгуурласан байдлаар зохион байгуулж сурагчдад багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, цаашлаад нийгэмд хэрэгтэй санал санаачлагыг бий болгож, асуудалд шийдэл санал болгох зэрэг чадваруудыг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.








123 views0 comments
bottom of page