top of page
Writer's pictureTFM Tech

TEACH FOR MONGOLIA 2022 RECAP

“Teach for Mongolia” буюу “Илгээлтийн Багш” НҮТББ нь өнгөрөгч 2022 онд хамгийн анхны элсэлтээ авч байсан билээ. Тэгвэл бид өнгөрсөн долоо хоногт эхний хичээлийн жилээ амжилттай дуусгасныг тэмдэглэж өнгөрсөн жилийн ололт амжилтаа дүгнэлээ.


Бидний тэмдэглэлт өдөрт хөтөлбөрийн анхны элсэлтийн 15 залуус болон бидний үйл ажиллагааг тогтмол дэмжиж хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүсийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд хөтөлбөрийн зүгээс цаашдын алсын хараа, зорилгоо танилцуулахаас гадна залуус маань өөрсдийн өнгөрсөн нэг жилийн түүхээ зочид төлөөлөгчидтэй хуваалцан халуун дотно яриа өрнүүлсэн юм.




Teach for Mongolia буюу Илгээлтийн багш НҮТББ -ын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Г. Гантүшиг:


Монгол Улсын боловсролын системд “Teach for Mongolia” байгууллага нь ямар үр дүн гаргахаар зорин ажиллаж буйг танилцуулахаас гадна үүнд тал бүрийн оролцоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг дурдлаа.


Teach for Mongolia 2022 оны элсэлт: Дорнод аймгийн Халхгол сумын багш Э.Золзаяа


Миний анх суманд очоод хүүхдүүдээс сонссон хамгийн анхны асуулт “Багшаа та хэзээ явах вэ?” байсан. Орон нутагт багшийн дутагдалтай, мөн хүний нөөцийн урсгал хөдөлгөөн ихтэй тул хүүхдүүд ч шинэ багш ирээд төд удалгүй буцаад л явна гэсэн ойлголттой байсан нь сэтгэл эмзэглүүлсэн. Тийм ч учраас би дааж авсан сурагчдыгаа төгсгөх зорилготойгоор Халхгол сумандаа гэр бүлийн хамтаар ажиллаж, амьдарч байна.

Би үргэлж ангийнхаа хүүхдүүдийг аливаа тэмцээн уралдаанд оролцохыг уриалдаг. Түрүүлэх чухал биш шүү дээ гол нь туршлага бас дурсамж гэдэг байсан. Харин одоо бол манай хүүхдүүд өөрсдөө багшаа энэ тэмцээнд ангиараа бэлдээд оръё, гол нь дурсамж шүү дээ гэдэг болсон шүү.


Teach for Mongolia 2022 оны элсэлт: Дорнод аймгийн Баян-Уул сумын багш Э.Нямтогтох&Т.Пүрэвсүрэн


Бидний хувьд залуу насандаа өөрсдийн мэдлэг, ур чадварыг ашиглан нийгэмдээ, тэр тусмаа орон нутагт хувь нэмрээ оруулж, нэг ч болов гэрэл асааж буй энэхүү аялал маань эргээд харахад амьдралын хамгийн тод дурсамжуудын нэг байх болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдан багш мэргэжлээр хөрвөн хөдөө орон нутгийн хүүхдүүдэд багшлах, огт мэдэхгүй суманд амьдарч өөрсдийгөө тал бүрээр сорьж хөгжүүлж буй нь тэр бүр хүн болгонд олддоггүй ховор, гайхалтай туршлага гэж бодож байна.


Teach for Mongolia 2022 оны элсэлт : Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын багш М.Дөлгөөн


Тэрээр өөрөө мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй хэдий ч тухтай орчин, ажлаа өөрчилж багш болж хүүхдүүдтэй ажиллах багийн мөрөөдлөө биелүүлэхээр зориглон гэр бүлийн хамтаар хөдөө орон нутагт багшлахаар очсон туршлагаа зочидтой хуваалцсан юм. Мөн тэрээр хөдөө орон нутаг дахь хүүхдүүдийн техник технологийн мэдлэг, хэрэглээ аль түвшинд байгааг, үүн дээр хэрхэн ажилласан, цаашид ямар үр дүнг бий болгохоор зорьж буйгаа хуваалцлаа.



Бидний үйл ажиллагаанд олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирснээс “Teach for Mongolia” хөтөлбөрийг эхнээс нь дэмжиж хамтран ажилласан Монгол улсын соёлын сайд Ч. Номин болон биднийг бодлогын түвшинд дэмжиж хамтран ажиллаж буй Боловсролын ерөнхий газрын дарга Т. Ням-Очир нар хүрэлцэн ирсэн бөгөөд тэд бидний өнгөрсөн нэг жилийн ажлын үр дүнг сайшаахын зэрэгцээ цаашид ч мөн “Teach for Mongolia” хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.


Бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүстээ болон хөтөлбөрийн анхны элсэлтийн залуустаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.



Боловсролын тэгш бус байдлыг бууруулж, хүүхэд бүрд өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөөх бидний аялал амжилттай үргэлжилж байна.



131 views0 comments

Comments


bottom of page