“Шийдэлч Сурагч” 2026 төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа
- Apr 14
- 2 min read
Teach for Mongolia НҮТББ-аас хэрэгжүүлдэг “Шийдэлч сурагч” төсөл хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 11 аймаг, 13 сумын 15 сургуулийн 34 багш, 483 сурагчийг хамруулсан юм.
Энэхүү төсөл нь 2026 онд Канадын Элчин сайдын яам-ны Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан (CFLI)-ийн санхүүжилтээр бодит ажил болон өргөжсөн нь онцлог байв.
Төслийн хаалтын үйл ажиллагаа 3-р сарын 4–6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, нийт 41 төслийн санал ирснээс шилдэг 11 төсөл шалгарч, өөрсдийн хэрэгжүүлсэн шийдэл, үр дүнгээ танилцууллаа.
Энэ жилийн төслүүд нь сурагчдын бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан хаягдал цаасыг дахин боловсруулж дэвтэр, номын хавчуурга хийх, хүнсний эко боолт, эко түлш үйлдвэрлэх, саарал ус дахин ашиглах, эко саван болон сэргээгдэх эрчим хүчний шийдэл (повер банк) боловсруулах зэрэг орон нутгийн асуудалд чиглэсэн бодит, шинэлэг шийдлүүдээрээ онцлог байлаа.


Шилдэг оролцогчид
Төслийн оролцогчдын саналд үндэслэн дараах багш, төслийн багууд шилдгээр шалгарлаа:
Шилдэг багш нар
Хамгийн шинэлэг, инновацлаг багш - Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р сургуулийн багш П. Оргодол
Хамгийн идэвх, оролцоотой багш - Хэнтий аймгийн Батноров сумын “Бэрх” олон улсын сургуулийн багш П. Батчөдөр
Орон нутагтаа хамгийн их үр нөлөө үзүүлсэн багш - Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р сургуулийн багш М. Ариунцэцэг
Шилдэг төслийн багууд
Хамгийн шинэлэг, инновацлаг баг – “Green Bees” (Хэнтий аймаг, Батноров сум, “Бэрх” ОУ-ын сургууль)
Хамгийн идэвх, оролцоотой баг – “Эко Шийдэл” (Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2-р сургууль)
Орон нутагтаа хамгийн их үр нөлөө үзүүлсэн баг – “Viora” (Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, ЕБС)
Хаалтын үйл ажиллагааны үеэр Мумбай хотноо зохион байгуулагдсан Kids Education Revolution (KER) олон улсын хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцсон төслийн багш, сурагчид туршлагаа хуваалцаж, олон улсын түвшинд суралцсан мэдлэгээ түгээв.
“Шийдэлч сурагч” төсөл нь багш, сурагчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутагтаа эерэг өөрчлөлт авчрах бодит санаачилгуудыг дэмжсэнээрээ онцлог байлаа.




Comments