“Шийдэлч Сурагч” 2026 төслийн багш, сурагчид KER олон улсын хуралд оролцлоо
- 2 days ago
- 2 min read
Teach for Mongolia байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Шийдэлч Сурагч” 2026 төслийн хүрээнд Монгол Улсаас төлөөлөл болон 2 сурагч, 1 багш Энэтхэг улсын Мумбай хотод зохион байгуулагдсан Kids Education Revolution (KER) олон улсын хуралд 2026 оны 2 дугаар сарын 4-өөс 10-ны өдрүүдэд амжилттай оролцоод ирлээ. Тус хурал нь хүүхэд, залуусыг боловсролын өөрчлөлтийн гол оролцогч болгон дэмжих, тэдний санаачилга, шийдлийг олон улсад түгээх зорилготой билээ.
Энэхүү олон улсын арга хэмжээнд дэлхийн боловсролын салбарт хүүхэд, залуусын манлайлал, оролцоог дэмжих зорилготой Teach For All олон улсын сүлжээний 7 улсын төлөөлөл оролцсон юм. Нийт 100 сурагч, 50 багш оролцож, өөрсдийн сургууль болон орон нутагтаа хэрэгжүүлж буй нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох төслүүдээ танилцуулж, туршлага солилцов. Мөн оролцогчид тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн оролцоо, манлайллын талаар хэлэлцүүлэг, сургалт зэрэг хамтын үйл ажиллагаанд хамрагдсан байна.

Монгол Улсаа төлөөлөн Teach for Mongolia Fellowship хөтөлбөрийн 2025-2027 оны оролцогч, “Шийдэлч Сурагч” 2026 төслийн удирдагч багш, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал ЕБС-ийн англи хэлний багш П.Энхмаа оролцож, сурагчдын санаачилсан төслүүдийг олон улсын оролцогчдод танилцуулан, багшийн манлайллын туршлагаасаа хуваалцлаа.

Мөн төслийн хүрээнд орон нутагтаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилга гарган ажиллаж буй сурагчдын төлөөлөл болох:
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р сургуулийн “IDEA2IMPACT” багийн сурагч Г.Нарансолонго
Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх ОУС-ийн “Green Bees” багийн сурагч Г.Дондогдулам
нар амжилттай оролцож, өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн санаа, үр дүнг танилцуулан, бусад орны сурагчидтай туршлага солилцсон юм.

KER олон улсын хурал нь сурагчдад дэлхийн өнцөг булан бүрт байгаа үе тэнгийнхнээсээ суралцах, хамтран шийдэл боловсруулах, өөрсдийн дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх үнэ цэнтэй боломжийг олголоо. Хуралд оролцсон сурагчид маань сурсан мэдсэн зүйлээ орон нутгийнхаа сурагчдад түгээж, цаашдын төслийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр зорьж байна.
“Шийдэлч Сурагч” төсөл нь сурагчдыг өөрсдийн орчинд тулгамдаж буй асуудлыг олж харан бодит шийдэл хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд манлайлагч иргэн болон төлөвшихөд чиглэн хэрэгжиж байгаа билээ.



Comments