Орон нутгийн сургуулийн удирдлагуудыг чадавхжуулах хөтөлбөр амжилттай өндөрлөлөө
- TFM Tech
- Dec 30, 2025
- 1 min read
2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод 9 сарын турш үргэлжилсэн “Орон нутгийн удирдлагуудыг чадавхжуулах хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөрт бидний хамтран ажилладаг 6 аймгийн 9 сургуулийн нийт 27 удирдлага оролцсон бөгөөд хаалтын өдөр сургуулиудын төлөөлөл ирж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд, хөтөлбөрөөс авсан мэдлэг ур чадвараа ашиглан бий болгосон сайн туршлага, үр дүнгээ танилцууллаа.
Хөтөлбөрийн хаалтын үеэр оролцогчид сургалтын хугацаанд хийсэн бодит ажлуудаа танилцуулж, сургуулийнхаа удирдлагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн талаараа мэдээлэл өгсөн нь бусад оролцогчдод сайн туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн юм. Тухайлбал, сургуулиуд сургалтын менежмент, багш ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх арга аргачлал, хамт олны амжилтыг нэмэгдүүлэх шинэ санаачилгуудыг хэрхэн амжилттай нэвтрүүлсэн туршлагуудаа хуваалцсан юм.
Энэхүү хөтөлбөрийг Монгол дахь Австралийн Элчин сайдын яам санхүүжүүлсэн бөгөөд хаалтын үйл ажиллагаанд Австралийн ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичиг, Консул Ан Нгүен хүрэлцэн ирж, оролцогчдод хандан үг хэлж, хөтөлбөрийн үр нөлөө, ач холбогдлыг онцлон ярив. Мөн Илгээлтийн Багш НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Ууганбаяр оролцож, оролцогчдын туршлага, сургалтын үр дүнг магтан сайшааж, цаашдын хамтын ажиллагаа, боловсролын салбарын хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо.


Хөтөлбөрийн хаалтын өдөр нь зөвхөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулах арга хэмжээ төдийгүй, түншлэл, харилцан туршлага солилцох, цаашид орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх арга хэмжээ хэлбэрээр өрнөсөн нь онцлог байлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оролцогчид:
Сургуулийн менежментийн шинэ аргачлалыг эзэмшиж, практикт нэвтрүүлсэн
Багш, ажилчдын хамтын ажиллагааг сайжруулах туршлагаа хуваалцсан
Сургуулийнхаа үйл ажиллагаанд бодит өөрчлөлт авчрах шинэ санаачилгуудыг хэрэгжүүлсэн
Ийнхүү 9 сарын турш үргэлжилсэн хөтөлбөрийн хаалтын өдөр амжилттай зохион байгуулагдсанаар оролцогчид авсан мэдлэг, чадвараа практикт хэрхэн ашиглаж буйгаа харуулж, орон нутгийн боловсролын чанарыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гэдгийг харууллаа.





Comments