top of page

Илгээлтийн багш нар хоёр жилийн аяллаа амжилттай дуусгаж, төгсөлтийн баяраа тэмдэглэлээ

  • Writer: TFM Tech
    TFM Tech
  • Jul 23
  • 2 min read

2025 оны 6 сарын 27-нд “Илгээлтийн багш” хөтөлбөрийн 2023-2025 оны хоёр дахь элсэлтийн төгсөлтийн ёслол амжилттай болж өндөрлөлөө. 

ree

Teach for Mongolia байгууллагын хэрэгжүүлдэг уг хөтөлбөр нь багш мэргэжилтэй болон багш бус мэргэжилтэй залуусыг сонгон шалгаруулж, орон нутагт багшийн дутагдалтай бүс нутгуудад хоёр жилийн хугацаанд заах боломж олгодог билээ. 


2023–2025 оны хичээлийн жилүүдэд хөтөлбөрт хамрагдсан нийт 6 оролцогч төгсөлтийн батламжаа гардан авч, багшийн хувиар өнгөрүүлсэн хоёр жилийн түүхээ хуваалцав. Тэд Завхан, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг аймгуудын нийт 5 сумын ерөнхий боловсролын сургуулиудад түүх нийгмийн ухаан, англи хэл, математик, газар зүй, сургалтын менежер, дизайн технологи зэрэг хичээлүүдийг заан ажилласан байна. 


Тухайлбал: 

  1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2-р сургуулийн сургалтын менежер, газарзүйн багш О.Балжинням 

  2. Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р сургуулийн математикийн багш У.Уянга 

  3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р сургуулийн англи хэлний багш Х.Сугараа 

  4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш С.Мөнхбаатар 

  5. Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Ариунцэцэг 

  6. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЕБС-ийн дизайн технологийн багш Б.Цэцэгбал нар 2 жилийн хугацаанд өөр өөрийн нутагт сурагчдад мэдлэг түгээж, хамт олны итгэлийг хүлээж ажилласан байна. 

ree

Арга хэмжээний нээлтийн үгийг Удирдах зөвлөлийн дарга Д. Номин хэлсэн бол хаалтын үгийг Teach for Mongolia байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г. Гантүшиг хэлж, багш нарын оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон талархал илэрхийлэв. 


Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилласан 8 аймгийн 13 сумын 14 сургуулийн удирдлагуудын төлөөлөл болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р сургуулийн захирал Б. Ганжаргал мэндчилгээ дэвшүүлж, хөтөлбөрийн ач холбогдлыг онцолсон юм. Мөн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Teach for Malaysia байгууллагын хяналт үнэлгээ хариуцсан менежер Кевин хүрэлцэн ирж төгсөгчдөд хандан урам зориг өгөх үг хэлсэн юм. 

ree

Энэ жилийн төгсөгч бүр хоёр жилийн хугацаанд туулсан сорилт, сургамж, ололт амжилтынхаа талаар сэтгэл хөдөлгөм үгс хэлсэн ба өмнөх болон одоо явахаар бэлдэж буй оролцогчид маань өөрсдийн туршлага, сэтгэгдлийг хуваалцсан нь урам зориг өгөх мөч байлаа. 


Онцлох мөч бол яахын аргагүй сурагчдаас ирүүлсэн чин сэтгэлийн үгсийг бичлэг болгон багш нартаа хүргэсэн мөч байв. Мөн, энэ баяр хөөрт чухал арга хэмжээгээрээ биднийг дэмжин ажилладаг, онцлох хамтрагч байгууллагыг онцлон дурдсан нь талархлаа илэрхийлэх чухал агшин байлаа. 


Хөтөлбөрийн багш нар 2023-2025 оны хичээлийн жилүүдэд нийт 1200 гаруй cурагчдад хичээл зааж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, олон талт хөгжилд нь хувь нэмэр оруулсан билээ. 

ree

Эдгээр 6 залуус маань өмнөх төгсөгчид дээр нэмэгдэн өөр өөрийн салбартаа, болон боловсролын салбартаа үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ олон нийтийн төлөө ажиллах хүсэл, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах тэмүүллээ тээн үлдлээ. Тэд зөвхөн өнөөдрийн багш биш, маргаашийн манлайлагчид юм. 

 
 
 

Comments


bottom of page