top of page

Teach for Mongolia - Өвлийн уулзалт 2026

  • Feb 4
  • 1 min read

Teach for Mongolia байгууллагын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өвлийн уулзалт нэгдүгээр сарын 14-16 хооронд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уулзалтаар Fellowship хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажиллаж буй багш нар Улаанбаатар хотод нэг дор цуглаж, туршлага солилцон, хамтран суралцдаг онцлогтой. 


Өвлийн уулзалтын гол зорилго нь багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, бодит хичээлийн туршлага дээр тулгуурласан хэлэлцүүлэг өрнүүлэх, мөн хөтөлбөрийн хүрээнд бий болсон хамтын нийгэмлэгийг бэхжүүлэхэд оршдог. Уулзалтын үеэр багш нар анги танхимд тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулахдаа хэрэгжүүлсэн шийдлүүдээ хуваалцаж, бие биенээсээ суралцах үнэ цэнтэй орчныг бүрдүүлсэн юм. 


Мөн энэ удаагийн уулзалтад хөтөлбөрийн өмнөх жилүүдийн төгсөгчдийн төлөөлөл ирж өөрсдийн туршлага, сургамжаа хуваалцсан нь үе үеийн оролцогчдыг холбосон онцгой үйл явдал боллоо.


Өвлийн уулзалтыг Unitel Group дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд Тогтвортой хөгжлийн менежер Г.Болор-Эрдэнэ зочин илтгэгчээр оролцож, хөтөлбөрийн оролцогч багш нарт зориулан яриа хийлээ. Мөн See Learning сургалтын Багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Г.Уянга сургалт орж, Teach for Mongolia хөтөлбөрийн 2025 оны төгсөгч О.Балжинням өөрийн бодит туршлага, суралцсан сургамжаа хуваалцаж, оролцогчдод урам зориг өгсөн нь уулзалтын чухал хэсэг байв. 


Энэхүү уулзалт нь багш нарыг ганцаар биш, хамтдаа хөгжих хүчтэй нийгэмлэгийн нэг хэсэг гэдгийг дахин сануулсан, харилцан суралцаж, урам авсан үнэ цэнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.


Биднийг Өвлийн уулзалтын үйл ажиллагаагаа зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Этүгэн их сургуулийн Etugen Student Hub-ийн хамт олонд талархал илэрхийлье. 





 
 
 

Comments


bottom of page