Teach For Mongolia хөтөлбөрийн багш нарын "Амжилтын түүхээ хуваалцах" намрын уулзалт
- TFM Tech
- Dec 2
- 2 min read
Teach For Mongolia хөтөлбөрийн багш нарын туршлага солилцох “Success Story” уулзалтыг жилд 2 удаа зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү уулзалтын зорилго нь багш нарынхаа хийсэн ажил, гаргасан ахиц, тулгарсан сорилт, түүнийг даван туулахдаа хэрэгжүүлсэн арга туршлагаа хуваалцах замаар хамтын суралцахуйг бэхжүүлэх, багш бүрийн өсөлт чадварыг дэмжихэд оршдог.
Уулзалтын ач холбогдол нь хөтөлбөрийн багш нар бие биенээсээ суралцаж, шилдэг туршлагуудыг орон нутаг болон сургуулийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, багшийн мэргэжлийн болон хувийн хөгжлийг урамшуулж, зорилготой, нөлөөтэй манлайллыг төлөвшүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, сурагчдад үзүүлэх нөлөөг бодитоор хэмжиж ойлгох нөхцөл бүрдүүлэхэд чиглэнэ.
Уулзалтын үеэр багш нар өөр өөрийн сургуулийн хэрэгцээ, орчин нөхцөлд тохируулан хэрэгжүүлсэн бүтээлч арга барил, сурагчдын ахицын бодит жишээ, олон нийтийн оролцоог бий болгосон санаачилга зэргийг танилцуулж, илэн далангүй хэлэлцсэн нь уулзалтыг илүү үнэ цэнтэй болгов. Түүнчлэн зарим багш сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, эерэг сургалтын орчныг бүрдүүлэх арга зам, анги удирдлагын шинэлэг шийдлүүдээрээ бусдад үлгэр дуурайл үзүүллээ.


Онцлох туршлагууд
2024-2026 оны хөтөлбөрийн оролцогч Э.Оксана - “Ангийн хамтын хөгжлийн зорилго” арга зүй
Э.Оксана багш анги удирдах шинэлэг арга зүйг хэрэгжүүлж, суралцагч–эцэг эх–багшийн гурвалсан хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэн ажиллаж байна.
Намар бүх суралцагчдаар өөрийн жилийн зорилгыг тодорхойлуулж, хавар эргэн дүгнэлт хийлгэдэг.
Энэ дүгнэлтийг багш эцэг эх, асран хамгаалагчдад танилцуулж, хүүхдийнхээ ахиц, хөгжилд тулгуурлан эцэг эх хүүхдэдээ талархлын захиа бичих урамшууллын арга барилыг нэвтрүүлжээ.
Энэхүү арга нь суралцагчдын хандлага, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүл, сургууль, багшийн харилцааг гүнзгийрүүлж буй онцлох туршлага болж байна.
2025-2027 оны хөтөлбөрийн оролцогч Н.Цэлмэг - Хөгжлийн онцлогтой хүүхдэд зориулсан ном бүтээх санаачилга
Н.Цэлмэг багш 10-р ангийн сурагчидтай хамтран хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн болон хөдөлгөөний чадварыг дэмжих ном бүтээх төсөл дээр идэвхтэй ажиллаж байна.
Хүүхдүүдийн хэрэгцээг тодорхойлох судалгаа хийж, насны онцлогт тохирсон motor skills (хөдөлгөөний үндсэн чадвар) хөгжүүлэх олон төрлийн сонирхолтой, ашигтай контент бүхий номын бүтэц загварыг боловсруулж эхэлжээ.
Одоогоор төслийн санхүүжилт авах асуудлаар багш нар болон холбогдох талуудтай ярилцаж, санаачилгаа хэрэгжүүлэх шатандаа явж байна.
Энэхүү ажил нь сурагчдын бүтээлч оролцоог нэмэгдүүлж, хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд бодитой хүртээмжтэй нөөц материал бий болгох чухал ач холбогдолтой бүтээлч туршлага юм.



Comments