Teach for Mongolia-ийн багш Э.Нямтогтох нь одоогоор Дорнод аймгийн Халхгол суманд багшилж байгаа бөгөөд түүний анги танхимдаа хэрэгжүүлж буй сонирхолтой туршлагатай танилцацгаая.
Э.Нямтогтох багш маань Түүх, Нийгэм, Иргэний ёс зүйн боловсрол гэсэн хичээлүүдийг 7-9 р ангийн 200 гаруй сурагчдад зааж байгаа бөгөөд хичээлийг уламжлалт бус аргуудын нэг Тонгоруу сургалтын аргаар сурагчдадаа хичээлээ орж байгаа юм. Тонгоруу сургалтын арга зүй нь сурагчдын бие даан суралцах орон зайг бий болгох, бүтээлчээр суралцах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай болох, бусдад өөрийн санаа бодлыг зөв зүйтэйгээр илэрхийлэх ба хамтач буюу багаар ажиллах чадвартай болгодог давуу талтай учраас сурагчдадаа энэ аргыг ашиглан хичээлээ явуулж байгаа.
Гурван өгүүлбэрийн арга
Түүнчлэн ангидаа хүүхэд бүрийг ямар нэгэн эх сурвалжтай танилцсаны дараа тухайн сэдэвтэй холбогдох 3 өгүүлбэрийг самбарт бичиж танилцуулахдаа яагаад сонгосон гурван өгүүлбэрээ чухал гэж бодсоноо тайлбарлана. Багш хамгийн сүүлд нь сурагчдын хэлсэн санааг нэгтгэж дүгнэснээр хичээл өндөрлөнө. Энэхүү аргыг TFM-ийн багш Э.Нямтогтох өөрөө санаачлан хэрэглэж байгаа бөгөөн энэ аргаа Гурван өгүүлбэрийн арга хэмээн нэрлэсэн. Харин үр дүнгийн хувьд ангийн сурагч бүр оролцох боломж мотивацийг өгнө, өөрийгөө илэрхийлж сурна мөн цаг хэмнэнэ гэсэн давуу тал ихтэй гэлээ.
Mobile Legends тоглоомын цол
Сурагчдыг идэвхжүүлэх нь хүүхдүүдийнхээ сонирхолд нь тулгуурлаж ажиллах юм байна гэдгийг ойлгож авсан. Миний хувьд 7-р ангийн хүүхдүүд тэр дундаа хөвгүүд маань даалгавар хийж ирэх гүйцэтгэл нь хангалтгүй байдаг. Үүнийг шийдэх аргыг энэ улирлаас хэрэгжүүлээд амжилттай явж байна. миний арга бол хүүхдүүдийн нийтлэг тоглодог Mobile Legends тоглоомын цолоор дамжуулан даалгаврын үнэлж байгаа. зарчмын хувьд их амархан 2 даалгавар хийгээд 1 цол авна. Хэрэв даалгавраа хийхгүй байгаа тохиолдолд цолыг хурааж авна. үүнийг хэрэгжүүлснээс хойш сурагчдын даалгавар гүйцэтгэл үнэмлэхүй нэмэгдсэн шүү.
Мандала хээ
Бас нэгэн сонирхолтой хичээлийн явцтай холбоотой зүйл гэвэл TFM-ийн багш Э.Нямтогтох сурагчдын завсарлагааны сэтгэл хөөрлийг бууруулах, анхаарал төвлөрүүлэх болон оюун бодлыг цэгцлэх зорилготойгоор Мандалаа хээ дээр ажиллуулдаг.
Comments